ХАВРЫН 17 ДУРЛАЛ

            Анхны юм бүхэн сайхан шүү. Анхны ном, анхны анги, анхны олимпиад, анхны дугуйн уралдаан, анхны охин өдөлт гээд л... Даанч өсч өндийж ядаж байгаа хүүхдүүдэд анхны бүхэн хэтэрхий эрт тохиогоод буццгаадаг юм шиг. Одоо ч анхны гээд байх ариухан юм гэж юу байхав дээ. Сайндаа л анхны кампаань, анхны тээндэр будлиулалт, анхны хахууль, анхны улсын их хурлын гишүүнтэй хийсэн шоудалт гэх мэт шинэ монголын бахархлуудаас гадна анхны эрүүлжүүлэгдэлт, анхны 10 хоногийн баривчилгаа, анхны ял шалгах гэх мэтээс цаашгүй бөгөөд амтгүй, өнгөгүй, уйтгартай болчихож. За тэгээд шүлэг оролддог баагийнууд нийлж ирээл нээх сайхан ууцгааж, дэлхийгээс хэсэг ч болов тасрах, өөрсдийхөө хэдэн өрөвдөлтэй шүлгэнцэрүүдийг дэлдэж (шүлэг гэхээсээ интерваальдсан өгүүлбэрүүд) баясалддагсан. Ертөнцийн бүх уйтгар гунигийн мөрөн зөвхөн яруу найрагчдын зүрхээр урсан өнгөрдөг ч гэх шиг... Сүүлийн үед хамт сайхан уучих хүн ч олдохоо байлаа. Бүгд л нээх ажилтай, ажил хэрэгтэй, уулзалттай. Ятгаж ятгаж ганц нэг юм цохино, зохихоо ч байж. Ёстой л нэг шогтоно гээч болж байгаам даа. Амьдрал гэж хаашаа ч юм дээ. Хайш яйшхан ч юм шиг.

            Харин сүүлийн үед их сонинтой шүү. Хэсэг зуур ертөнцөөс тасрах санаатай эмлэгт хэвтэхээр болов оо. Энэ муу сэг болсон зүрх чинь ажилладаг л юм байна шдээ гэсэн бодол жижүүрийн эмчид анхны үзлэг хийлгэх мөчөөс эхлэн намайг зовоож эхэлдэг юм байна. Хэээ, тэр жижүүр эмч бүсгүйн хоолой гэдэг уянгалагийг яана... Унтаад сэрсэн царай нь гэрэлтнээ гэж ванлий, ай даа түүнтэй хамт өглөө бүхэн сэрдэг бол ч... Шуу нь их үсэрхэг юм аа. Хумсаа дунд зэрэг ургуулчихаж. Самсайн түвшнээс нь дээшхи үл мэдэгдэх шахуу бүдэгхэн олон сэвх, ялимгүй омголдсон уруулаа шилэмдэх маяг. Би бусдаас илүү ч үгүй, дутуу ч үгүй гэх шиг хээв нэг төрх. Цамцаа олигтойхон дээшлүүлээдэх гэх хонгор захирангүй үгс. Хүйтэн чагнуур чагхийтэл энгэрт наалдахтай зэрэгцэн түүний хуйрааших аядсан хурууны торгон үзүүрүүд хэнхдэгийг минь зурс зурс гэж үрэх. Атгаальд нь 3 дахин томдсон богино ханцуй, түүний завсраар харагдах ангир цээжнийх нь хэсэгхэн зурвас. Чуукаагийн машины түшлэгнээс нимгэн бэлхүүс (Чуукааг машинтайгаа эргэлтээр ирэхэд нь харьцуулсан болно) Гачаадан хийлэгдэх даралтны апраад шиг чинь би чамайг чивчиртэл тэврэхсэн... Ингэж би бараг анх удаа үзэгдэх төрхөөрөө, хүрэлцэх төдийтөө гал халуу шатаасан бие цогцсыг ажсан юм. Тэр үзлэг тэр өдөржин шөнөжин үргэлжлээсэй гэсэндээ би хамуу томуу, хамаг байдаг хавдар, эдгэшгүй бүх өвчнийг нэгэн зэрэг тусч, түүний үзлэгийн сандлаас шуурхай тусламжийн орлуу шилжиж, дээш доошоо гүйлгэн сандаргаж, өөртөө авч болох бүх тусламжийг нэгэн доор авахад ч бэлэн байсан юм. Цоо эрүүл гэсэн онош тавьсан бол би бараг гайхахгүй байх байлаа. Үнэн юм чинь, тэр мөчүүдэд би өөрийгөө цоо эрүүлээр л мэдэрч байв.

               Энэ мэт эмлэгийн үзлэгийн шат бүхэнд дурлав. Энэ бол анхны удаа эмэгтэйчүүдийг үй олноор хомроголон дурласан явдал байв. Харшлын эмч, тасгийн эрхлэгч, халдвартын диспансэр, мэдрэлийн эмч. Намайг дурламтгайг мэдсэн аугаа их зохион байгуулагч тэр эмлэгийн бүх эмч нарыг томилж, миний өвдөлтийг өргөс авсан мэт эмчлэх төлөвлөгөө байв уу... Арай үгүй байхаа. За тэгээд эмчилгээний явц дахь тарианы сувилагч, тархины бариач, коктейл найруулагч гээл бүгд миний дурлалын хатан хаад болцгоодгийм даа. Ядаж байхад (бүгд биш л дээ) Б ээлжийн цэвэрлэгч эмэгтэй хүртэл шүү :О Дурлалын хатан хаан биш юм аа гэхэд бага хатан, ядаж татвар эм баймаар тийм цэмцгэр, тийм цэмбэгэр бүсгүй тэнд цэвэрлэгчээр ажиллах нь гайхалтай. Өглөөний каашаа аваарай гэж хонгилоор цуурай татахад: За аягүй бол нэг бортогон малгай өмсчихсөн, улаан лоолийн зурагтай хормогчтой, нүдээ хүрээлээд будчихсан, бүлтгэр алаг охин байх байх даа гээд гараад хартал яах аргагүй нэг бортогон малгай өмсчихсөн, улаан лоолийн зурагтай хормогчтой, нүдээ хүрээлээд будчихсан, бүлтгэр алаг охин байх нь тэр. Ахиад л дурлал. Энэ юу болоод байнаа... Миний зүрх тэгтлээ эмзэг болоо юу. Батьраа нь нурчихсан утас шиг байнга л цэнэг нэхсээр байх уу. Эсвэл ....

                Дурлал эмчилгээ үр дүнгээ эхний өдрөөсөө өгч эхлэв. Би гэдэг хүн ямар идэвхитэй эмчлүүлэгч вэ. Зууны манлай өвчтөн цол олгоё гэхэд эсэргүүцэх нэг ч хүн байгаагүй. Цэрэгт байхдаа тийм санаачлагатай байлдагч байсан бол өдийд дэслэгч генерал болчихсон байхгүй юу (цэрэгт байхдаа гоожуур байсан гэдгийг он жавууд маань баталдаг) Дэлхийн бүх бүтэх бүтэхгүй эм тариаг шахуулж, үнэн худлаа сүлжээнд элсэж бие цогцосоо эрдэсийн ханасан уусмал болгож байхаар миний хэвтсэн энэ эмлэгт ирээл 10 хоноход дахин төрөх шиг л болно гэж мэд.

                Эмлэгт хэвтсэн 10 хоног гэдэг эргээд харах зуур л харван одсон хугацаа байлаа. 10 хоног дотор 17 дурлах нь тэр. Тэнд ажилладаг 17 аятайхан эмэгтэй зөвхөн миний төлөө үйлчилж байсан юм. Тэр хугацаанд би ямар оношоор хэвтсэнийг хэн мэдэхэв, хэнд ч хамаатай билээ. Эрүүлийг хүсвэл эмлэгийг хүс. 80 гарсан өвөө маань хаврын хаварт эмлэгт хэвтдэг шалтгаан нь үнэхээр өвдсөндөө ч үү, үгүй ч үү.

               Улиралд доор хаяж 1 удаа эмлэгт хэвтэж байвал 200 наслах ч энүүхэнд дэг ээ....

Сэтгэгдэлүүд:

1. Улаан Малгайт (зочин) | 2009-05-24 23:50:57
Хэхэ. Хөөрхийн бэ? Хүн амьдралдаа хэд дурладаг гээд байсан бэ? Чи лав их дурламтгай хүн байхаа.
2. xvv (зочин) | 2009-06-05 10:45:29
Мань ч зүрхний хатуурал болчихоод удаж байна аа
3. Tumee (зочин) | 2009-06-06 14:54:23
Сайхан бичлэг байна. Дурлаад л байж дээ.
4. barbie (зочин) | 2009-06-07 18:19:04
Uridiin yavdal sanaand orchloo. Bi neg emch zaluud durlaad tednii emnelegt 1 jild 4-n udaa hevtej bsan yumdag hahaha.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.